Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээр

20:50 , 2012-03-28 .. Бичигдсэн: мэдлэгт тань .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар /цаашид “Хэлэлцэн тохирогч талууд” гэж нэрлэнэ/ хоёр улсын эдийн засаг, худалдааны харилцааг өргөжүүлэх нь чухал гэж үзээд эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр хоёр улсын авто тээврийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор дор дурдсан зүйлийг хэлэлцэн тохиров.

Нэгдүгээр зүйл
Энэхүү хэлэлцээрийг үндэслэн хоёр улсын хоорондын харилцан тохиролцож нээсэн хилийн боомтын авто замаар ачаа, зорчигчдыг /жуулчид хамрагдана/ байнгын болон байнгын бус хугацаагаар тээвэрлэнэ. Уг тээврийг Монгол улс, БНХАУ-ын бүртгэлтэй автомашинаар гүйцэтгэнэ.
Хоёрдугаар зүйл
1.    Хэлэлцэн тохирогч талуудын эрх бүхий байгууллагууд нь зорчигчдын байнгын тээвэрлэлтийг харилцан хэлэлцэж тохиролцоно.
2.    Хэлэлцэн тохирогч талуудын харилцан тохиролцох зүйлд хоёр орны харилцан нэвтрүүлэхээр зөвшөөрөгдсөн зорчигчдын байнгын тээврийн автомашин явах замын чиглэл, зогсох буудал, аяллын цагийн хуваарь, тээврийн зай, эргэлтийн хугацаа, тээвэр хийх тоо, зардлын хэмжээ болон тээвэрлэгч / тээврийн байгууллагын нэр / зэрэг хамрагдана.
3.    Хэлэлцэн тохирогч талууд нь зорчигчдын байнгын тээвэрлэлтийн тухай тохиролцохын тулд 2 дугаар заалтад дурдсан зүйлүүдэд оруулах саналын талаарх төслийг урьдчилан нөгөө талдаа өгнө.
Гуравдугаар зүйл
1.    Хоёр улсын хоорондын зорчигчдын байнгын бус тээвэрлэлт нь энэхүү хэлэлцээрийн 4 дүгээр зүйлд зааснаас бусад бүх тохиолдолд хэлэлцэн тохирогч талуудын эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авах ёстой.
2.    Хэлэлцэн тохирогч талуудын эрх бүхий байгууллага эсвэл эрх бүхий байгууллагаас эрх болгосон байгууллага нь зөвхөн өөрийн нутаг дэвсгэрийн хамаарах замын хэсэгт автомашиныг нэвтрүүлэн өнгөрүүлэх зөвшөөрлийг олгоно.
3.    Зорчигчдын байнгын бус тээвэрт олгосон зөвшөөрлийн бичигт тусгай заалт байхгүй бол уг зөвшөөрлийн бичгээр зөвхөн нэг удаа орох, гарах эрхтэй байна.
4.    Хэлэлцэн тохирогч талуудын эрх бүхий байгууллагууд нь харилцан тохиролцсон тэнцүү тоогоор зорчигчдын байнгын бус тээврийн автомашины зөвшөөрлийн бичгийг жилд нэг удаа солилцоно. Эдгээр зөвшөөрлийн бичиг нь хоёр талын эрх бүхий байгууллагын эсвэл түүний эрх олгосон байгууллагын тамга, хариуцлагатны гарын үсэгтэй байвал зохино.
5.    Хоёр талын эрх бүхий байгууллагууд нь автомашины зөвшөөрлийн бичгийг солилцох журмыг хэлэлцэн тогтооно.
Дөрөвдүгээр зүйл
Зорчигчдын байнгын бус тээвэр гүйцэтгэж байгаа автомашинд ямар нэг шалтгаанаар эвдрэл гэмтэл гарсны улмаас өөр автомашинаар солих болон эвдрэл гэмтэл гарсан автомашиныг хоосон буцаах тохиолдолд 3 дугаар зүйлд заасан зөвшөөрлийн бичгийг үйлдэх шаардлагагүй.
Тавдугаар зүйл
1.    хэлэлцэн тохирогч аль нэг талын автомашин нь хоёр улсын хооронд 6 дугаар зүйлд зааснаас өөр ачаа тээвэрлэх тохиолдолд тус тусынхаа эрх бүхий байгууллагаас зөвхөн нэг удаа орох, гарах эрх зөвшөөрлийн бичигтэй байх ёстой.
2.    Хэлэлцэн тохирогч нэг тал нь нөгөө талын автомашинд буцах чиглэлийн ачааг зөвхөн өөрийн хууль ёсны тээврийн төлөөлөгчөөр дамжуулан ачуулах ажлыг зохион байгуулна. Гэхдээ тухайн улсын дотор өөрсдийн дураар ачаа олох үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
3.    Хэлэлцэн тохирогч талуудын эрх бүхий байгууллагууд хамтран боловсруулсан ачаа тээврийн нэг маягийн зөвшөөрлийн бичгийг жилд нэг удаа солилцоно. Энэхүү зөвшөөрлийн бичигт хоёр талын эрх бүхий байгууллагаас томилсон авто тээврийн байгууллагын тамга, хариуцлагатны гарын үсэгтэй байвал зохино. Хоёр талын эрх бүхий байгууллагууд нь автомашины зөвшөөрлийн бичгийг солилцох журмыг хэлэлцэн тохирно.
Зургадугаар зүйл
Дор дурдсан ачааг тээвэрлэсэн автомашинд энэхүү хэлэлцээрийн 5 дугаар зүйлд заасан зөвшөөрлийн бичгийг үйлдэх шаардлагагүй. Үүнд:
  • Нас барагчийн чандруу, шарил
  • Нүүж байгаа айлын эд хогшил
  • Үзэсгэлэн, яармаг зохион байгуулахад хэрэглэх үзвэр, тоног төхөөрөмж, материал
  • Биентамирын арга хэмжээ зохион байгуулахад шаардагдах тээврийн хэрэгсэл,  эд юмс
  • Соёл урлагийн арга хэмжээнд хэрэглэгдэх тайзны засал чимэглэл, хэрэгсэл, хөгжмийн зэмсэг, тоног төхөөрөмж, кино зураг авах, радио телевизийн программ бэлтгэхэд шаардагдах юмс
  • Шуудан
  • Эвдэрсэн авто тээврийн хэрэгсэл эдгээр болно.
Техникийн түргэн тусламж үзүүлэх автомашин нөгөө талын улсын хилд ороход зөвшөөрлийн бичиг үйлдэхгүй.
Энэхүү зүйлд заасан ачааг тээвэрлэх автомашин нь заавал өөрийн улсын тээврийн автомашины замын хуудастай байна.
Долдугаар зүйл
1.    Ачаагүй автомашин эсвэл хүнд даацын автомашины овор хэмжээ, жин нь хэтэрсэн буюу аюул осолтой бараа тээвэрлэгдэх бол тээвэрлэгч байгууллага нь тухайн улсын эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авч тээврийн ажлыг гүйцэтгэнэ.
2.    Энэхүү зүйлийн 1 дүгээр заалтад дурдсан тусгай зөвшөөрлийн бичигт явах чиглэлийг тогтоон заасан бол өөр замаар явж болохгүй.
Наймдугаар зүйл
1. Энэхүү хэлэлцээрт заасан олон улсын тээврийг тухайн улсын хуулийн ёсоор зөвшөөрөгдсөн авто тээврийн байгууллага хариуцан гүйцэтгэнэ.
2. Олон улсын тээвэр хийх автомашин нь тухайн улсын дугаартай автомашин байхаас гадна тусгай таних тэмдэгтэй байна.
Есдүгээр зүйл
1.    Хэлэлцэн тохирогч нэг талын автомашин нөгөө талын дотоодын тээврийг гүйцэтгэхгүй
2.    Хэлэлцэн тохирогч нэг талын авто тээврийн байгууллага нь —нөгөө талын эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг авсан нөхцөлд нөгөө талын нутаг дэвсгэрээр дамжин 3 дахь улсад зорчигчид, ачааг тээвэрлэж болно.
3.    Хэлэлцэн тохирогч нэг тал дотооддоо хэрэглэгддэг үнэмлэх талон тээврийн холбогдох баримт бичгийг монгол, хятад хэл дээр хэвлэсэн байх бөгөөд бичилтийг тус тусын хэл дээр үйлдэнэ.
4.    Зөвшөөрлийн бичиг болон холбогдох баримт бичгийг монгол, хятад хэл дээр хэвлэсэн байх бөгөөд бичилтийг тус тусын хэл дээр үйлдэнэ. 
Аравдугаар зүйл
1.Зорчигчид ба ачаа тээвэрлэх автомашины жолооч нь тухайн автомашиныг жолоодох өөрийн орны эсвэл олон лусын жолоочийн эрхийн үнэмлэхтэй байх бөгөөд автомашин нь тухайн улсын бүртгэлтэй байна.
2. Хэлэлцэн тохирогч талуудын автомашины жолооч, автомашин дээр үйлчилж байгаа ажилтан, тэрчлэн зорчигчид нь нөгөө талын нутаг дэвсгэрт байх хугацаандаа тэр талын холбогдох хууль тогтоомж, замын хөдөлгөөний дүрмийг сахин мөрдөнө.
3. Дээрх хоёрдугаар заалтад дурдсан хүмүүс нь монгол буюу хятадын хилээс гарахын өмнө холбогдох бичиг баримтыг зохих ёсоор бүрдүүлсэн байна.
Арван нэгдүгээр зүйл
Энэхүү хэлэлцээрийн хүрээнд хийгдэх тээврийн зардлын тооцоо болон төлбөрийг хэлэлцэн тохирогч талуудын хооронд төлбөр тооцох журмын дагуу гүйцэтгэнэ.
Арван хоёрдугаар зүйл
Хэлэлцэн тохирогч нэг тал нь энэхүү хэлэлцээрийн хүрээнд заасан зорчигчид ба ачааг хоёр улсын хооронд автомашинаар тээвэрлэж буй нөгөө талын авто тээврийн байгууллагыг замын хураамж, автомашины татвар, тээврийн орлого, ашгийн аливаа татвараас чөлөөлнө.
Арван гуравдугаар зүйл
Хэлэлцэн тохирогч талууд хоёр улсын хооронд зорчигчид, ачаа тээврийн үүрэг гүйцэтгэж буй автомашин бүрийг даатгалд хамруулахаас гадна гуравдагч этгээдийн хариуцлагын даатгал хийвэл зохино.
Арван дөрөвдүгээр зүйл
Хилийн байцаан өнгөрүүлэх шалгалт, гааль болон хорио цээрийн шалгалтыг тохирогч талуудын хооронд байгуулагдсан хэлэлцээрийн дагуу явуулна. Хэрэв ийм хэлэлцээргүй бол хэлэлцэн тохирогч талууд өөрийн улсын дотор мөрдөж байгаа журмын дагуу гүйцэтгэнэ.
Арван тавдугаар зүйл
Зорчигчид, хүнд өвчтөн, мал түргэн муудах бүтээгдэхүүн тээвэрлэж байгаа автомашинд хилийн байцаан өнгөрүүлэх болон гаалийн шалгалт, хорио цээрийн шалгалтыг нэн даруй хийж нэвтрүүлэх арга хэмжээ авна. 
Арван зургадугаар зүйл
1. Хэлэлцэн тохирогч талууд харилцан зорчигчид, ачаа тээвэрлэх үүрэг гүйцэтгэж буй автомашинд олон улсын тээврийн замд хэрэглэх дараах зүйлүүдэд гаалийн татвар, зөвшөөрөл авах шаардлагагүй. Үүнд:
а/ Бүх төрлийн автомашины хөдөлгүүр болон бусад тоног төхөөрөмжийг ажиллуулахад зориулж түлшний саванд агуулсан шатахуун
б/ Тээвэрлэлтийн явцад зайлшгүй шаардагдах тосолгооны материал
в/ Олон улсын  тээврийн автомашинд хэрэглэгдэх сэлбэг ба багаж хэрэгсэл
2.Хэрэглээгүй сэлбэг, хэрэгцээ хангахгүй болсон сэлбэгийг зарчмын хувьд өөрийн улс руу буцаан тээвэрлэх ёстой. Тэгэхдээ хэрэгцээ хангахгүй болсон сэлбэгийг зохих зөвшөөрөл авсны үндсэн дээр тухайн газарт нь устгал хийж болно.
Арван долдугаар зүйл
Энэхүү хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд хэлэлцэн тохирогч аль нэг талын хүсэлт, саналаар хоёр талын эрх бүхий байгууллагууд зорчигчид, ачаа тээвэрлэлтийн явцад гарсан асуудлын талаар уулзалт хийж зөвлөлдөх, туршлага солилцох ба мэдээлэл хийнэ.
Арван наймдугаар зүйл
Хэрэв хэлэлцэн тохирогч нэг талын автомашин эсвэл хүн, хэлэлцэн тохирогч нөгөө талын нутаг дэвсгэрт тухайн орны холбогдох хуулийг зөрчвөл хэлэлцэн тохирогч нөгөө тал өөрийн орны холбогдох хуулийн дагуу зөрчил гаргагчид шаардагдах арга хэмжээний тухай мэдээлэл шаардах эрхтэй.
Арван есдүгээр зүйл
Хэлэлцэн тохирогч талууд энэхүү хэлэлцээрийг тайлбарлах болон хэрэгжүүлэх явцад гарсан аливаа маргаантай асуудлыг зөвлөлдөх, санал солилцох замаар шийдвэрлэнэ.
Хорьдугаар зүйл
Энэхүү хэлэлцээрт заагдаагүй бусад асуудлыг хэлэлцэн тохирогч талууд өөрийн улсын дүрэм журмын дагуу зохицуулна.
Хорин нэгдүгээр зүйл
Энэхүү хэлэлцээрийн утга санаа нь хэлэлцэн тохирогч талуудаас бусад улстай байгуулсан гэрээ хэлэлцээрт заасан эрх, үүрэгт үл хамаарна.
Хорин хоёрдугаар зүйл
Хэлэлцэн тохирогч нэг тал хэлэлцэн тохирогч нөгөө талын авто тээврийн асуудлыг эрхлэх Байнгын төлөөлөгчийн газрын өөрийн улсын дотор байгуулахыг зөвшөөрч, түүнийг ажиллах боломжоор хангахад дэмжлэг үзүүлнэ. Байнгын төлөөлөгчийн газар байгуулах тодорхой асуудлыг хэлэлцэн тохирогч талууд өөрийн улсын дүрэм журмын дагуу гүйцэтгэнэ.
Хорин гуравдугаар зүйл
Энэхүү хэлэлцээрийг гарын үсэг зурсан өдрөөс хүчинтэй болох бөгөөд хүчин төгөлдөр хугацаа нь 5 жил байна.
Хэрэв хүчинтэй хугацаа дуусахаас   6  сарын өмнө хэлэлцэн тохирогч аль нэг тал нь бичгээр нөгөө талд хүчингүй болгох тухай мэдэгдэхгүй бол энэхүү хэлэлцээр дараагийн 5 жилд хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
Энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр байх хугацаанд хоёр тал харилцан тохиролцсоны үндсэн дээр түүнд өөрчлөлт, нэмэлт оруулж болно.
Энэхүү хэлэлцээрийг 1991 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Бээжин хотноо монгол, хятад хэлээр тус бүр хоёр эх хувь үйлдсэн бөгөөд эх бичвэрүүд адил хүчинтэй болно.


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 2 -р хуудас Нийт хуудасны тоо: 8 } { Дараагийн хуудас }

Холбоосууд


Ангилалууд

Авто машины тухай
Тээврийн хэрэгслийн эд анги
RC төрлийн машинууд
мэдлэгт тань

Сүүлийн бичлэгүүд

J-800T шинэхэн автобус мэндэллээ.
Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээр
логистик ба эдийн засаг дахь далд ухаан
Логистик гэж юу вэ?
A340-600 онгоцыг хэрхэн бүтээдэг вэ?
Монгол хүний гараар бүтсэн RC Nissan Patrol
Дэлхийд тэргүүлэгч авто машины үйлдвэрүүд..
Авто машины үүсэл

Найзууд

piglet DESI Алмас :::LiL Princess::: gereltuya Blessing Tara arius Тархи өрөмдөгч director namukab Angaahai AmonRa xvv zula Zurai Зоригт ван arch_tseegii Pity nomikoz Чойрын Хүү Jagii Uukiinaa Цагаан хараацай everose Хүслийнжигүүр ulaankaa dao legion



:-)
 
xaax